ШӨНӨ ҮДЭШ (#10711)

Бурхан минь ээ!  Миний Эзэн, хүсэл мөрөөдлийн Зорилго минь ээ!  Таны энэрэл өршөөлийн нөмөр дор нойрсож, Таны нигүүлсэнгүй сэтгэлийн тэнгэр дор амарч, Таны хайр халамж, хамгаалалтыг хүсэн хүлээж байнам, өчүүхэн зарц би.
Эзэн тэнгэр минь ээ!  Та Өөрийн хэзээ ч аньдаггүй сэрүүн тунгалаг мэлмийгээр Танаас өөр бусдыг ширтэхээс миний мэлмийг хамгаалахыг Танаас гуйя.  Таны бэлэг тэмдэг, Таны Үүдэл нээлтийн Тэнгэрийн хаяаг олж харах чадвартай болгож миний харааг хурцатгана уу.  Бүхнээс даван дийлэх хүчний тань өмнө аливаа хүчний мөн чанар ч айн чичрэх тийм чадалтай билээ, Та.  
Танаас өөр Бурхан байхгүй, Та бол Хамгийг чадагч, Хамгийг Номхотгогч, Хамгаас хамааралгүй хүчирхэг билээ.

-Bahá'u'lláh
-----------------------

ШӨНӨ ҮДЭШ (#10712)

Бурхан минь, Бурхан тэнгэр минь, Таныг хүсэн мөрөөдсөн тэд танаас хагацсандаа унтаж чадахгүй сэрүүн байхад би яахан унтаж чадах билээ?  Таныг хайрлан бишрэгчдийн зүрх сэтгэл Танаас холдсондоо зовнин гутарч байхад би яахан амар тайван хэвтэж чадах билээ?
Эзэн тэнгэр минь, би Таны хүч чадал, Таны хамгаалалтын баруун гарт бүх бие, сэтгэлээ даатган, Таны хүч чадлаар л  дэрэн дээрээ толгойгоо тавин хэвтэж, Таны хүсэл зориг, хүсэл тааллаар л өндийн босно.  Та үнэнхүү Асрагч, Хамгаалагч, Бүхнээс хүчтэн, Хамгаас чадалтай.
Таны хүч чадлыг биширнэм!  Би нойрондоо ч, сэрүүндээ ч, гагцхүү Таны хүссэнийг л хүснэ.  Би бол Таны шадар зарц тул Таны мэдэлд байна.  Таны хүсэл тааллын анхилуун үнэрийг цацах тэр л зүйлийг хийхэд минь ивээл хишгээрээ тусалж хайрла.  Энэ бол үнэхээр миний итгэл найдвар ба Танд ойртсон хүмүүсийн итгэл найдвар.  Хорвоо ертөнцийн эзэн Таныгаа магтан алдаршуулъя!

-Bahá'u'lláh
-----------------------

ШӨНӨ ҮДЭШ (#10713)

*Аяа, Үнэнийг эрэлхийлэгч минь!  Бурхан мэлмийг чинь нээгээсэй гэж хүсэж байгаа бол шөнө дунд Бурханд сөгдөн залбирч, Түүнтэй харилцан ийнхүү гуйн мөргө: 

Эзэн тэнгэр минь, би Таны нэг нэгдмэл чанарын Хаант улсын зүг нүүр царайгаа хандуулж, Таны энэрэл нигүүлслийн тэнгист умбасан байна.  Эзэн тэнгэр минь, энэ шөнийн харанхуйд Таны гэрэл гэгээг хардаг болгож миний мэлмийг гэрэлтүүлж, энэ гайхамшигт эрин үед хайр халамжийнхаа дарсаар намайг жаргалтай болго.  Эзэн тэнгэр минь, Таны дуудлагыг сонсоход минь тусалж, миний өмнө диваажингийнхаа үүдийг нээгээч, чингэвээс би Таны цог жавхлангийн гэрлийг үзэж, Таны төгс үзэсгэлэнд татагдах болно.  
Та үнэнхүү Өглөгч, Өгөөмөр, Энэрэнгүй, Өршөөнгүй билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

